14/07/2026
ХҮЙ ДОЛООН ХУДАГ БОЛ ҮХЛИЙН ХӨНДИЙ
Яагаад бүр яагаад гэдэг асуултыг хэдэн мянган удаа өөрөөсөө асуусаар халагласаар ирлээ. Энд яг зохион байгуулалт гэж байна уу? Хариуцаж байгаа хүн байна уу? Бүхэл бүтэн Монгол улсын наадам болдог томоохон дэнж биз дээ?
"Дэлхийн адууны өдөр" гээд 4 цаг түгжирч зорин очлоо. Хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, хаягжуулалт самбар байхгүй, тусламж, мэдээлэл авах цэг байхгүй. Хамгийн сүүлд 12 жилийн өмнө очиход ийм байсан яг л хэвээрээ. Түгжирнэ, ямар ч зохион байгуулалт байхгүй гэдгийг мэдсэн хэр нь итгэл өвөртлөөд сайжирсан байх гэж бодож очсон. Гэтэл бараг улам дордсон!
Энд яг ямар үйл ажиллагаа болоод байгаа вэ? Хэдэн гэр тойруулсан хуушуурын гэр, түүнтэй нь холилдсон баахан хачин тоглоом, энд тэнд шаар хагалах уу? Азаа үзээрэй, тэгээд нэг хэсэгт нь бараг казино юу? Битүү мөрийтэй покер, хөзөр тоглосон 8 наснаас 80 насны хүмүүс энийг бол бүр гайхсан! Зүгээр л яг хар зах, үхлийн хөндий!
Ариун цэвэр талтай яриад ч хэрэггүй, шороо тоос нь утгаа алдчихсан жоохон захдуу хэсэг рүү шээс, баас нь үнэртчихсэн 00-н цаас нь хөвөрчихсөн!
Машин, адуу, майхан, хоол, хүн нь хамтдаа яг зэрэгцээд холилдоод юу ч болоод байгаа юм! Үнэхээр гунигтай, үзэж харах юм юу ч байхгүй! Морьтой хүн явдаг тусдаа хэсэгтэй байя ааа!
Жуулчид бол үнэхээр гайхаж байгаа байх өө! Ямар хар зах дээрээ ирчих вэ гээд. Тэр нар бараг шороон царайлаад монголд амьдралд үзчихсэн л өрөвдөлтэй амьтан явж байна лээ.
Шийдэл байна уу гэж өчигдөржин ярьцгааж явлаа. Үнэхээр хангалттай шийдэх болохоор байна ш дээ. Сэтгэл нь ширгэчихсэн улс л юм даа!
1. Эхний ээлжид ядаж автомашин тавьдаг тусдаа хол хол зогсоолтой болох, зөвхөн отоглох буюу майхан барих зурвасыг бэлдэх, түүний ойр бүр хангалттай бүр хангалттай хэмжээний ариун цэврийн өрөө байршуулах, хүүхдүүдээ хуурайлах өрөө гаргах, цэвэр усны хэсэгтэй болгох!
2. Хоолны хэсгийг бүр утгаар нь шинэчлэх, зөвхөн хоолны хэсгийн гудамж бүхий тойрог болгох, түүнийгээ тохижуулах ядаж л хүүхдийн 100-н стрийт фүүд шиг цэгцтэй байлгах. Орой ч бас тэнд хүн байгаа гэрэл, чийдэнгээ хангалттай болгох! Дан хуушуур л идмээргүй байна ш дээ. Өөр олон сайхан хоол гардаг баймаар байна! Тэр шорлогийг бүр тусдаа болгох утаанд нь бүр угаартчих юм!
3. Тэр тоглоомын хэсгийг бүр цэгцэд оруулах! Одоо бүр ямар ч юм болсон тэнд байх ёстой юм шиг турник, шаар, сугалаа, хийлдэг тоглоом утгаа алдлаа. Миний хувьд бүр авч хаях хэрэгтэй гэж бодож байна. Эсвэл бүр тусдаа хэсэгт болгох!
4. Бидэнд бусдад үзүүлж харуулах зүйл байхгүй юм уу?! Соёлын гудамж гэмээр хэсэг гаргах, тэнд нь өв уламжлалаа харуулсан бүхий л зүйлсийг үзэж, харж туршиж үзэж болох бишрэм сайхан зүйлс их байна.
5. Худалдааны гудамж нээх 2 хэсэгтэй болгох, нэг хэсэг нь яг монгол үндэсний хувцас, хэрэглэл зөвхөн байдаг, нөгөө гудамж нь энгийн хэсэг байж болно гэхдээ л I ❤️ MONGOLIA гэдэг подволк харсангүй, монголын дурсгалын мерч баймаар байна!
6. Уг нь нэг соёлын гээд хэдэн гэр гарсан байх шиг байна тэр гэр лүү хүмүүс бараг л орохгүй байна. Тиймээс түүнийгээ задгай асар болгомоор байна. Үзүүлбэр үзүүлж, тоглоом наадгай тоглож, олон ястны хувцас өмссөн охид, залуус тэндээ байж хүмүүстэй зураг татуулах боломж байвал хэчнээн сайхан!
7. Өдөртөө 2 цаг тутамд үзүүлэх тоглолтууд явж соёлын ажлууд нь хийгдэх хэрэгтэй байна. Хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн театр нь монгол жүжгээ тогломоор байна! 2 цаг тутамд үндэсний парад яагаад явж болохгүй байгаа юм. Адгийн наад зах нь Диснэйлэнд дээр тэр парадыг үзэх цагийг хүлээж хүмүүс зурвасаа дагаад зогсоод байж байдаг биз дээ!
8. Хаалтын оройн шоу хийж болохгүй байгаа юм уу! Галт циркийн үзүүлбэр, ардын бүжиг, уран нугаралт гэх мэт бүүр зөндөө зүйлс байна! Адууны өдөр гэсэн биз дээ Жэжү арал дээр үзүүлбэр үзүүлдэг морьтон монголчуудын үзүүлбэр хаана байна?
9. Нийтийн тээврийг бүр маш их хангалттай болгох өөрсдийн унаатай ирвэл зогсоолоо төлбөртэй болгох. Дэлхийн хаана ч тийм л байдаг биз дээ! Энэ очих гэж 4-6 цаг, очоод үзэх юмгүй 2 хуушуур идсэн болоод буцаад 4-6 түгжирч байдаг!
10. Ажиллаж буй хүмүүсээ хангалттай хэмжээнд нэмэх, сургах. Хүмүүст хаана юу болдог газрын зураг хэвлэмэл болон дижиталаар бэлэн болгоод, хаашаа явахад юу үзэх вэ хаягжуулалтаа ойлгомжтой болго.
Ингээд хийж болох хар мянган зүйлс байна! АРА, Playtime гэх мэт томоохон фэстивалууд гоё болж болоод байгаа юм! Нэг тийм сэтгэл, зохион байгуулалт хэрэгтэй байгаа л болохоос биш үнэндээ тийм хэцүү зүйл алга! Юмыг тулгаж хийдэг асуудлаа болиод одооноос шууд зохион байгуулах комиссоо гаргаад эртнээс бэлдье!
Яг энэ хэсэгт нь тэр томчууд нь явж үзээгүй болохоор хүмүүсийг яаж зовж байгааг мэдэхгүй байна! Өөрсдийн тусдаа дэнжтэй тэндээ тусдаа улс бий болгочихсон сайхан наадаад байгаа л даа!
Хэдүүлээ энэ өрөвдөлтэй байдлаасаа салъя!
Via: